Хурдан морины гадаад шинж:
Адууны ашиг шим, хурд хүч, чадал, бяр тэнхээ, хэлбэр галбир, өсөлт хөгжилт, нь ихэвчлэн тэр айлын адуун сүргийн бүтэц бүрдэлтээс ихээхэн шалтгаална.
Адууны угшил удам, түүний хурдны удамтай азарга гүү, айлын босгоос хамааран хурдан төрөх буюу найруулан бий болгосноос шалтгаална.
Адууны өндөр бүтээмжийг илрүүлэх хүч чадал, тамир, бат чийрэг бие бялдар, уналга эдэлгээнд хэрэглэгдэх хөнгөн шаламгай хурдтай шинжийг биеийн галбиртаа агуулж чадсанаар монгол адуунд хурдан морины шинж чанар олноор багтсан байдаг.
Морины шинжийг хаан, түшмэл, цэрэг шинж гэж хуваадаг.
Хаан шинж нь: Толгой талын шинжүүд
Түшмэл шинж нь: Бүх биеийн шинжүүд
Цэрэг шинж нь: Дөрвөн мөчний шинжүүд багтана.
Хурдан морины гадаад шинжийг ерөнхийд нь дор дурьдсан шинжүүдэд хуваан үзэж болно. Үүнд :
1. Толгойн шинж
2. Шүдний шинж
3. Дууны шинж
4. Туурайн шинж
5. Шөрмөсний шинж
6. Сүүлний шинж
7. Идэшний шинж
8. Ус уух шинж
9. Мөрний шинж
10. Сагагны шинж
11. Бүх биеийн шинж
Хурдан морины толгойн шинж: Адууны толгойн дүрсийг хэлбэр маягаар нь 6 төрөлд хувааж үздэг.
1. Хонин толгой
2. Туулайн толгой
3. Хүдрийн толгой
4. Барын толгой
5. Мэлхийн толгой
6. Хандгайн толгой
Хурдан морины толгойг туулайн буюу мэлхий, хандгайн хэлбэртэй байх нь сайн гэж үздэг байна.
Хурдан морины магнай, нүд, хамрын нүх, чих самсаа, түүшүү, омруу, буюу доод уруул хэл тус бүрнээ увидастай.
Толгой нь ерөнхийдөө томруухан шөвгөр, хатингар хоншоор урт болоод монхор, хэлний хэвтэш агуу, эрүүний хоорондын хонхор өргөн, гүнзгий, түүшүү, омруу буюу доод уруул том, доод эрүү нь дээдэхээсээ урт юмуу эсвэл чимхүүр мэт нийлдэг, магнай нүд, хамрын нүх самсаа их, чих урт бөлгөө.
Шүдний шинж: Манай өвөг дээдэс адууны шүдийг маш сайн мэдэж, шинждэг нь хурдан морины шинжний сударт заасан байдагт тун төстэй шинждэг юм билээ.
Морины шүдийг:
1. Хол шүд
2. Хонин шүд
3. Тэмээн шүд
4. Тахиан шүд
5. Гахайн шүд
6. Буудай шүд гэж хуваадаг.
Хол шүдийг дотор нь :
• Матаст хол
• Бүүр хол
• Нууц хол гэх мэтээр 13 хувааж үздэг юм байна.
Энэ бүгдийг уншиж харьцуулан авч үзсэнээр хамгийн чухал нь нимбэгэр буйлтай давчхан хомбогор шүд тийм сайнгүй, хатингар буйлтай хонхорт нь арвай эргэм зайтай, зузаан гүнзгий цөгцтэй, хоорондоо зайтай, гадагшаа дэлбээтсэн мэт богино шүд сайн гэж үздэг юм байна.
Морины соёо нь бууран тэмээний соёо мэт том байх бөгөөд гадагшаадуу маягтай байх нь сайн байдаг. Харин бага насны адууны шүд том байх нь үр дүн муутай гэж үздэг юм байна.
Дууны шинж: Хурдан морь гахайн дуу мэт хамраараа маягтай дуугардаг бол муу барын дуу мэт хүрхрэн дуугарвал хамгийн сайн байдаг. Унгалдсан морины дуу хэдий хол дуулдах тусмаа сайнд тооцогдоно.
Туурайн шинж: Адууны туурай олон янз байдаг. Үүнд :
1. Лавайн аяган туурай
2. Сарлаган туурай
3. Шувууны хумс
4. Махан туурай
5. Хурдан хумс гэх зэргээр хуваадаг.
Хурдан морины туурай нь сарлаган туурай бол хамгийн сайнд тооцогдоно.
Туурайны ширхэг нь хөндлөн тэгшхэн байвал сайн байдаг. Туурай нь бүдүүн богино, амсраараа хөмөргүү, ирмэг хурц, ялимгүй зузаан бөгөөд өсгий чигт сэтэрхий, гахай нь гүн хатингар байх юм. Ерөнхий туурайн хэлбэр нь далбигар биш цомбон том байна.
Шөрмөсний шинж: Манай монголчуудын сайн мэддэг наадаж ирсэн нумын хөвч мэт чанга мөртлөө уян хатан байвал сайнд тооцогдоно. Хурдан морины шөрмөсний сиймхийг барьж үзэхэд хүний хоёр хурууны өндөг нийлэх байдалтай байвал хамгийн сайн гэж үздэг байна. Дээр дурьдсан шөрмөстэй морь нь хурд ихтэй ба хөл нь муудаж доголдоггүй, унаж уралдуулахад тохиромжтой. Хурд ихтэй адуу шөрмөс муутай бол уяж уралдуулахад харайлтынхаа хүчинд урд хоёр хөл нь хүч хурдыг тогтоон барьж чадахгүй учраас хөл нь мууддаг. Үхэр шөрмөстэй адуу бол хурд муутай байдаг гэж үздэг юм байна.
Сүүлний шинж: Хурдан морины сүүл нь урт, самбай нь өтгөн, үзүүрлүүгээ шингэн байдаг юм байна. Сүүлний нэг үс нь олон салаалсан байдаг. Ингэж салаалсан үстэй морь хурдан болой. Сүүлний үс нь урт, өргөн бүдүүн болон богино нарийн сүүл нь монгол адуунд их сайн биш нарийн урт сүүл бол муу тийшээгээ байдаг. Хурдан морины сүүлний ясан сүүл нь ташаан толгой хүрэх ба самбай нь өтгөн үзүүр тийшээ шингэн байвал бүр сайнд тооцогдоно.
Идэшний шинж: Хурдан адуу идэш ихтэй, баас нь бяцхан хол сайн, уяж сойж уралдуулах морь цөөхөн хоногт гэдэсээ татаж, баас нь хоргол болоод ирдэг.
Ус уух шинж нь: Хурдан адуу усыг бөөнөөр нь ганц удаа уудаггүй ба эхэлж усаа уугаад бага зэрэг амтлаад дахиж ууж амраад, мөн дахин бага зэрэг уух нь чухал болой.
Мөрний шинж: Хурдан морины газарт гишгэсэн мөр нь туурайн ирмэгнээс өөр тод мөр гаргахгүй байх нь чухал. Урд хоёр хөлний мөрөнд хойд хоёр хөлний мөр хүрч гишгэгдэхгүй бол мууд тооцогддог. Урд хоёр мөрний мөрийг хойд хоёр хөлний мөр яг оногдуулж гишгэх юмуу хойд хоёр хөлний мөр нь гадна талд нь зэрэгцүүлэн гишгэсэн байх нь сайн болой. Харин урд хоёр хөлний мөрийг хойд хоёр хөлний мөр даваад урд гишгэвээс хойд хоёр хөлний хүч давууг илчилдэг болой.
Сагагны шинж: Уясан морины давхилтанд сагаг нь огт сул юм шиг хөнгөн хөдөлгөөнтэй босдог байвал хурд сайтай, цуцдаггүй сайн болой.
Галуун сагагтай хурдан морь гэж байдаг. Галуун сагаг нь хоёр янз байдаг.
1. Сагаг нь босдог
2. Сагаг нь налдаг
Давхихаараа хөлний галуун сагаг нь унаж налдаг байвал хурд муу талдаа. Учир нь хойд хөлний хүчтэйгээр урагш түрж шидсэн их биений хурдыг урд хөл нь тогтоож урагш адил хүчтэй шиддэгүй учир маахайлах /гольхоо самрах/ осолтой. Ялангуяа уруу газар уралдаж давхихад улам тааламж муутай байдаг болой.
Их биений шинж: Адууны бүх биеийн шинж нь гарал үүсэл, угшил, удам, нутаг орны онцлогоос өөр өөр адуу бүрт тохирсон олон янзын шинжтэй байдаг. Хурдан морины шинж нь толгой нь хандгайн толгой мэт, дөрвөн хөлний шинж бугын чац мэт аралган бэрэвхийтэй, тайган борвитой, угалзан биетэй, өвөөлжин овоотой, цагаан мөгөөрс нь том аман хүзүү нь бүдүүн, хүзүү нь урт, мунраа нь тэмээний бөх мэт, бүдэрхий маш товгор, дал нь ташуу урт, бөгтрөг их, хавирга өргөн урт, матаас ихтэй хоорондоо зайгүй гэдэс их буюу сүврэгдэс доор, богино хавирга ташаан толгой хоёрын хооронд зай тун бага, урт налуу хондлойтой, агуу том салтаатай, умдаг багатай байвал хурдан хэмээн үздэг болой. Мөн дээд гурван овоо тэгш, хаа гуяны хөх мах, булчин их товгор, шилбэ хатингар хавтгай, бүх биеийн арьс сул, дөрвөн хөл нь бадриун гадагшаа, тэлгэр маягтай, дөрвөн хөлний нь хаялга гадагш самарсан янзтай, үенүүд нь бөөрөнхий том, толгой дээр биш, омруугаас урд хөлийн туурай хүртэлх зай, урд хөлийн сагагнаас хойд хөлийн туурай хүртэлх зай, бүдэрхийгээс мундаа хүртэлх зай их, сүврэгдэс нь гуя ташаанаасаа наана шахуу /төмбөгөр/ байвал их хурдан болой.
Дээр толгойтой, өндөр цээжтэй, бөгс муухантай морь өөд газар муу. Толгой цээж доортой, бөгс сайтай морь хөнтөргүү газар муу. Цээж бөгс тэнцүү морь ямар ч газар сайн байдаг.
Шув шулуун уртлаг нуруутай морь муухан талтай ба бөгтрөг муутай бол хойд хоёр хөлний түлхэлт хүчийг урагш муу дамжуулдаг болой.
Хурдан морины дотоод шинж
Хурдан морины шинжний судар “Чихэр амт” гэдэг бүлэгт морины дотоод шинжийг тодорхойлсон байна. Үүнд :
Зүрхний шинж: Хурдан адууны зүрхний шинж нь нүд, чихээр илэрхийлэгдэнэ. Зүрх сайтай морь уралдаанд бартаат зам, бэрхшээлээс айхгүй, тэвчээр тэсвэртэй, олон морьдонд тэлүүлэхгүй зүрх сайтай байдаг. Зүрх сайтай морины нүд улаан, хар буюу хүрэн, чих нь угаараа бүдүүн унаж явахад дэлбэгнэсэн хөдөлгөөнтэй байдаг.
Уушигны шинж: Хурдан морины уушигны шинж хамрын нүх самсаагаараа илэрхийлэгдэнэ. Хамрын нүх нь бүрээ мэт байх ба жирийн үед хагас зуйван, хутгаар сэт татсан мэт, давхиулаад амьсгаадсан үед бүрээний амсар мэт хэлбэрийг үүсгэн дэрвийж байвал амьсгалахдаа тайван чөлөөтэй агаар их ордог байна. Хамрын нүхэн дотор байдаг жижиг нүх хэдийчинээ олон байх тусам сайн байдаг болой.
Элэгний шинж: Морины элэгний шинж нь хэлэнд илэрхийлэгдэнэ. Адууны элэг жижиг байх нь сайн байх ба элэг бага нь хэл нимгэн цав цагаан өнгөтэй урт байна. Хэрэв хэл нь улаан, зузаан богино байвал элэг том холч чанар нь муу болой.
Дэлүүний шинж: Адууны дэлүүний шинж нь буйлаар илэрхийлэгдэнэ. Дэлүү багатай адууны буйл хатингар байх ба дэлүү багатай адуу хурдан байх болой.
Бөөрний шинж: Морины бөөрний шинж чихээр илэрхийлэгдэнэ. Бөөр багатай адууны чихний уг нь бүдүүн нилэнхдээ нимгэн уртавтар үзүүр нь шовх, хонхорхой нь их байдаг болой.
Хошногоны шинж: Адууны хошного гүн цаана байвал хурдан байдаг ба хурдлахад амьсгаа багатай байдаг гэж шинждэг.
http://www.hiimori.mn -ээс авав.